Эм, биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 116 эмийн сан зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдлаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 2021 оны 106 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ болон “Эмнэлэг, эм хангамжийн байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд 116 эмийн сан зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдлаа.

Зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан эмийн сангийн 57 буюу 49.1% нь бага, 39 буюу 33.6% нь дунд, 20 буюу 17.3% нь их эрсдэлтэй үнэлэгдэж дунд буюу их эрсдэлтэй үнэлэгдсэн эмийн сангуудад илэрсэн алдаа дутагдлыг арилгуулахаар 563 заалт бүхий 47 улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлээд байна.

Зөвлөн туслах үйлчилгээний явцад илэрсэн зөрчил, дутагдлын хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхээр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10.3, 11.2, 16.5.1, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дэх заалтыг үндэслэн "Мөнхийн тун" ХХК-д албан бичиг хүргүүлсэн.

Мөн 22 эмийн сан хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 150 нэрийн 2736 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилж байсныг илрүүлэн, Монгол Улсын Засгийн газрын 311 дүгээр тогтоолын хүрээнд байгууллагын дотоод хяналтын журмаар зөрчилтэй бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж, шийдвэрлэлээ.