ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.

Төрийн албаны өдрийн зорилго нь улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, залуу үеийнхэнд төрийн албанд ажиллах урам зориг өгөх өргөн агуулгатай байна.

Энэ өдрийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлөөс  "Төрийн алба-Шинэ сорилтууд" сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид хамрагдаж, Төрийн албаны боловсон хүчний тогтолцоо, аргачлал болон 2022 оны эхний хагас жилийн үнэлэлт дүгнэлтийн талаарх мэдээ, мэдээллийг сонслоо.

Төрийн албаны зөвлөлийн "7:4:10" арга зүйн сургалтын хөтөлбөр, Төрийн албан хаагчийн гүйцэтгэл, үр дүн, төрийн байгууллагын бүтээмжийг дэмжих зорилтын хүрээнд аймаг, нийслэлийн бүх төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад долоо хоног бүрийн Пүрэв гарагт цахим сургалт явуулж байна.