Эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох, СЭЗГ-ын дарга Б.Мөнхтуул, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа нар ОХУ-Украины хооронд үүссэн цэргийн үйл ажиллагаа, БНХАУ-ын Ковид-19 нөхцөл байдалтай холбогдуулан дотоодын эмийн үйлдвэрлэл , эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд эмийн чанарын асуудлыг сайжруулах, болзошгүй эрсдэлд бэлэн байх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг ханган ажиллах нь чухал болохыг” хэлсэн үгэндээ онцолсон юм.
Уулзалтын үеэр эмийн үйлдвэрийн төлөөлөл дотооддоо эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эмийн бүртгэл, эмийн бүртгэлийн үеийн лабораторийн баталгаажуулалтын ачаалал, нөөц бүрдүүлэхэд үүсэж буй санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцлоо.
Мөн ЭМЯ, ЭЭХХЗГ, Зам тээврийн яамтай хамтран Франкфурт болон Турк улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн саатлыг багасгах асуудлыг судлан ажиллахаар боллоо.
.jpg)
.jpg)