Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоолоор “Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагын эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэх” шийдвэр гарч, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус газарт шилжин томилогдсон.
21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 29 улсын байцаагч эм биобэлдмэлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 2022 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэл, хяналт шалгалтын эрх зүйн орчин, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаа, цус цусан бүтээгдэхүүн, дархлаажуулах бэлдмэл, гемодиализийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын хяналт, цаашид анхаарах асуудлын талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгч, тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм.
