Бүртгэлийн шинжээч сонгон шалгаруулах зар
Сонгон шалгаруулалтын нэр: Бүртгэлийн шинжээч сонгон шалгаруулах тухай.
ЭЭХХЗГ-ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны А/62 дугаар тушаалаар “Бүртгэлийн шинжээч ажиллуулах журам” шинэчилэн батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, анагаах ухааны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, Төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдийн дунд эм, эмийн түүхий эд, вакцин, биобэлдмэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн баримт бичигт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах орон тооны бус шинжээч (цаашид бүртгэлийн шинжээч гэх)-ийг сонгон шалгаруулахаар мэдээллийг хүргүүлж байна.
Бүртгэлийн шинжээч нь дараах чиглэлтэй байна.
Үүнд:
1.1 Эмийн бүртгэлийн эм зүйн шинжээч (эм зүйч - Клиникийн эм зүйч, лабораторийн эм шинжлэгч, эмийн технологич, цацрагийн эм зүйч);
1.2 Эмийн бүртгэлийн эмнэлзүйн шинжээч (хүний их эмч, клиникийн эм судлаач, вирусологич, биотехнологич);
Мэргэшлийн чиглэл: Зүрх судас, мэдрэл, дотор, хоол боловсруулах, бөөр, дотоод шүүрэл, амьсгал, харшил арьс, хүүхэд, хавдар, халдварт, ерөнхий мэдээгүйжүүлэг, мэс засал, сэтгэц, наркологи, уламжлалт анагаах ухаан, биобэлдмэл, вакцин, бусад.
1.3 Оношлуурын бүртгэлийн шинжээч (лабораторийн их эмч, анагаахын микробиологич, биохимич);
Мэргэшлийн чиглэл: Биохими, клиникийн хими, иммунологи, гематологи, цус бүлэгнэлт, серологи патологи, гистологи, цитологи, вирусологи, молекул биологи, микробиологи, бусад
1.4 Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч (хүний их эмч, хор судлаач, уламжлалт анагаах ухааны эмч, ургамал судлаач, биологич, генетикч).
Шинжээчид тавих шаардлага.
1. Бүртгэлийн баримт бичигт мэргэжлийн чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, мэргэжлийн болон эрдмийн зэрэгтэй;
2. Эрүүл мэндийн салбарт холбогдох мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, мэргэшсэн;
3. Эм, эмийн түүхий эд, вакцин, биобэлдмэл, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагад хараат бус;
4. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.
Жич: “Бүртгэлийн шинжээч ажиллуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1. “Хүний эмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг бол эмийн бүртгэлийн шинжээчээр, ХЭЗ-ийн Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлд ажилладаг бол оношлуурын шинжээчээр, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлд ажилладаг бол БИБ-ний шинжээчээр ажиллахыг тус тус хориглоно.
Бүрдүүлэх материал.
1. Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
2. Ёс зүйн зөрчилгүй талаарх тодорхойлолт;
3. Анкет /Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын 1-р хавсралтаар/;
4. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний лавлагаа;
5. Боловсролын диплом, мэргэжлийн болон эрдмийн зэргийн үнэмлэхний хуулбар;
6. Цээж зураг 1 хувь (3х4)
7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: Бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хүссэн иргэдийн материалыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цаг хүртэл ажлын албанд цаасаар болон amarjargal@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар. Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 14210. UBH төв 8-р давхар. Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг 51-260212 дугаарын утсаар Ц,Амаржаргал мэргэжилтэнтэй холбогдож авна уу.