Вакцины аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа

                  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь 2021 оны 10 дугаар сард УППСАЛА дахь олон улсын эмийн хяналтын төвд 149 дэх жинхэнэ гишүүн орноор элсэн орж, Монгол улсад бүртгэгдсэн эмийн гаж нөлөө, вакцины урвал хүндрэлийг үндэсний болон олон улсын мэдээний санд бүртгэж, олон улсаас эм, вакцины аюулгүй байдлын дохио мэдээ хүлээн авч мэдээлэл солилцон ажиллах нөхцөл бүрдсэн.

Монгол улсад эм, вакцины фармаковижилансын үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцоо, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалттай байх нь чухал.

Иймд ДЭМБ-ын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр вакцины аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааны асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, АШУҮИС зэрэг байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтад ЭЭХХЗГ-ын дэд дарга, даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Д.Уранзаяа, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын дарга Б.Пүрэвжав, ЭМЯ-ны дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жаргал, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам, АШУҮИС-ийн Эмзүйн сургуулийн багш М.Эрдэнэтуяа, ДЭМБ-ын зөвлөх Э.Эрдэнэчимэг, ДЭМБ-ын дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, Д.Мандахнаран, П.Анузаяа, ЭЭХХЗГ-ын мэргэжилтэн Б.Уранбилэг, Г.Хишигжаргал болон бусад төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг (ДДУХ) олон улсад мэдээлэхтэй холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх, улсын хэмжээнд ДДУХ бүртгэн мэдээлэх үйл ажиллагаанд e-Reporting цахим системийн хэрэглээг нэвтрүүлэх, үндэсний (Vigiflow) болон олон улсын (Vigilyze) нэгдсэн мэдээний сангийн хэрэглээг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.