ӨНӨӨДӨР СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр" болгон зарласан бөгөөд энэ жил “Сүрьеэтэй тэмцэхэд хөрөнгө оруулъя, Амьдралыг аваръя” уриан дор тэмдэглэж байна.
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран “Сүрьеэгийн эмийн гаж нөлөөний хяналт ба менежмент ” сэдэвт сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4 дүгээрт орсон байна.
Монгол Улс сүрьеэтэй тэмцэх үйлсэд чамгүй амжилт гаргасан хэдий ч сүрьеэ нь нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбоотой өвчин хэвээр байна.
Хэрэв та сүрьегээр өвчилсөн бол эмнэлгийн мэргэжилтний зөвөлгөөг дагаж сүрьеэ өвчнийг эмчлэх эмүүдийг тасралтгүй ууж, өвчнөө бүрэн эдгээж, амь насаа аврах боломжтой юм.
Харин танд:
• Хоолны дуршил буурах
• Бөөлжих
• Арьс, нүд шарлах
• 3 ба түүнээс дээш хоног халуурах
• Хэвлийгээр өвдөх
• Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх
• Арьсаар тууралт гарах
• Цээжний доод хэсгээр өвдөх
• Арьс амархан хөхрөх
• Буйлнаас цус гоожих
• Хамраас цус гаргах
• Шээс хар эсвэл бор өнгөтэй болох
• Үе мөч өвдөх
• Толгой эргэх
• Нүдний хараа муудах
• Чих шуугих
• Сонсгол буурах зэрэг шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмнэлгийн мэргэжилтэн болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Гаж нөлөө мэдээлэх цахим хуудас https://primaryreporting.who-umc.org/-MN-д хандана уу.