ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА 2 ШИНЭ ЭМИЙГ “КОВИД-19” ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭНД ЗӨВЛӨЖ БАЙНА

ДЭМБ нь Ковид-19 өвчнийг эмчлэх эмийн сонголт олон байгаа ч 2 шинэ эмийг зөвлөж байна.

1. Барицитиниб эмийг КОВИД-19 халдвараар хүнд болон маш хүнд өвдсөн өвчтөнүүдэд зөвлөж байна. Энэ эм нь дархлааны тогтолцооны хэт сэргэлтийг дарангуйлдаг Яанус-киназаг хориглогч (JAK inhibitor) бүлэгт хамаардаг. Барицитиниб эмийг кортикостеройдтой хамт хэрэглэхийг санал болгож байна. Барицитиниб нь үений үрэвслийн эмчилгээнд ууж хэрэглэдэг эм юм. 2021 оны 7-р сард ДЭМБ барицитиниб эмийг интерлейкин-6 рецепторыг хориглогч бусад үений үрэвслийн эмүүдийн оронд хэрэглэж болно гэдгийг баталсан.

2. ДЭМБ эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлтэй КОВИД-19 өвчнөөр өвдсөн дунд болон хөнгөн зэргийн өвчтөнүүдийг эмчлэхэд моноклонал эсрэг биет сотровимаб эмийг дараах онцгой нөхцөлүүдэд хэрэглэхийг зөвлөсөн.

Үүнд: Өндөр настай, дархлаа дарангуйлагдсан, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, таргалалт зэрэг суурь эмгэгтэй болон вакцинд хамрагдаагүй хүмүүс багтана. Сотровимаб нь касиривимаб-имдевимаб моноклонал эсрэг биеийн холимгийг орлох боломжтой талаарх зөвлөмжийг 2021 оны 09 дүгээр сард ДЭМБ гаргасан байна. ДЭМБ-ын эмчилгээний болон КОВИД-19 халдварын талаарх 8 дахь удаагийн удирдамжид орсон эдгээр зөвлөмжүүдийг хөнгөн, хүнд, маш хүнд КОВИД-19-өөр өвчилсөн 4000 гаруй эмчлүүлэгчийг хамруулсан 7 удаагийн эмнэлзүйн судалгааны үр дүнд үндэслэн гаргасан байна. Шинээр зөвлөж буй 2 эм болох барицитиниб болон сотровимабын чанар, үр дүнтэй, аюулгүй байдлыг үнэлэн бага орлоготой улсуудад хүртээмжтэй хангахын тулд ДЭМБ урьдчилсан баталгаажуулалт (Prequalification)-д хамрагдахыг санал болгосон.

Мэдээллийн эх сурвалж: https://www.who.int/