Эм, биобэлдмэлийн улсын байцаагчид шилжин ирлээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас 28 байцаагч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторийн 24, нийт 52 албан хаагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэснээр 2002 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтцэд шилжсэн эмийн хяналт болон лабораторийн чиг үүрэг 20 жилийн дараа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт нэгтгэгдлээ.

Энэ хүрээнд Эм, биобэлдмэлийн улсын байцаагч нарыг өнөөдөр хүлээн авч, орон нутгийн байцаагч нартай цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон дэд дарга Д.Уранзаяа нар байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, 2021 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцан, мэдээлэл солилцлоо.