МОНГОЛ УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ТҮҮХИЙН ХЭЛХЭЭНЭЭС...

1921 оны 3 дугаар сарын 18 өдөр Ардын журамт цэрэг Хиагтийг чөлөөлсний дараа шархадсан цэргүүдийг эмчлэн сувилах зорилготой "Эмнэлгийн түр хороо"-г Европ эмчилгээтэйгээр байгуулсанаар Монгол Улсад Эрүүл мэндийн алба, Орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг.

1921 онд Монгол Улс нь 640 гаруй мянган хүн амтай, жилд 10 гаруй мянган хүүхэд төрдөг ч 48 хувь нь 3 нас хүрэхгүй энддэг, хүн амын өсөлт зогсонги байдалд орсон байжээ. Тухайн үед гадаадын зарим судлаачид Монгол Улсыг “мөхөж буй үндэстэн”-д тооцож байсан юм.

1921 онд Ардын засгийн газраас улс орноо сэргээх стратегийн чухал хэсгээ хүн амаа өсгөх хэмээн тодорхойлж, зорилт, зорилгоо дэвшүүлж байсан байна. Энэ хүрээндээ 1923 онд ЗХУ-аас дотор, мэс засал, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн 10 гаруй эмчийг урин авчирч хүн амаа орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухаанд суурилсан эмчилгээг хийж эхэлжээ.

Ийнхүү мөхөж буй гэх анхааруулгад өртөж байсан Монгол Улсын хүн ам тасралтгүй өсч 2021 онд Монгол Улсын Хүн ам 3,4 саяд хүрч дундаж наслалт 70,7 болжээ. Энэ нь 100 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн ажлын үр дүнг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр, орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Өдгөө эрүүл мэндийн салбар 4575 эрүүл мэндийн байгууллага, 56 мянган ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хөгжлийн “үндсэн тулгуур” салбар болтлоо хөгжсөн байна. Монгол Улсын Эрүүл мэндийн салбар нь хөгжлийнхөө хугацаанд орчин цагийн анагаах ухааны эмч мэргэжилтэнг 1942 оноос эхлэн дотоодод бэлтгэж эхэлсэн бөгөөд анхны 13 их эмчийг 1942 онд бэлтгэн гаргаж байжээ. 1962 онд Монгол Улс нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад элссэн бөгөөд энэ цагаас хойш тус байгууллагын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байна.