“Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэн нээгдлээ

Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, ЭМЯ-ны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал болон ЭМЯ, ЭЭХХЗГ-ын газар, хэлстийн дарга нар бусад албаны хүмүүс ирлээ.

Үзэсгэлэнг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ: “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 41,2 тэрбум төгрөгийг төсөвлөж, судалгаа нотолгоонд суурилсан тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлж байна. Эмийн зохистой хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, төсөл хэлэлцэгдэх шатандаа явж байна. Ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хангамж хүртээмж сайжирч, хяналт, зохицуулалт хийх бүрэн боломж бүрдэнэ” гэж онцоллоо.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан: “Мэдээлэл, техник технологийн хурдацтай хөгжил нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд улам бүр нэвтэрч байна. Энэ ч утгаараа өнөөдрийн зохион байгуулагдаж байгаа “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнд шинэ техник, технологи, эм, эмнэлгийн хэрэгслийг дэлгэн танилцуулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч байгууллагууд харилцан туршлага солилцох боломжийг нээж өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой юм” гэлээ.

22 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх 60 гаруй байгууллага оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж буй албан хаагчдыг урамшуулж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагналаа. Мөн үзэсгэлэнг зорин ирсэн иргэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, эрүүл мэндийн болон КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө мэдээлэл авч байна.