Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, олон улсын чиг хандлага, төрийн зохицуулалтын өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран уг хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж, УИХ-ын гишүүн Б.Бейсэн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Гаалийн ерөнхий газар, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, санхүүжилт болон төрийн зохицуулалтын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар олон улсад баримталж буй бодлого, зохицуулалт”, “Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаар хэрхэн тусгасан тухай” сэдвүүдээр тус тус илтгэлүүд тавигдаж, холбогдох асуудлуудын талаар хэлэлцлээ.