Монгол улс "УППСАЛА" хяналтын төвийн 149 дэх гишүүн орон боллоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын “УППСАЛА” олон улсын хяналтын төвд албан ёсоор гишүүнээр элслээ. Ингэснээр Монгол Улс уг төвийн 149 дэх гишүүн орон болж байгаа юм. "УППСАЛА" хяналтын төв нь олон улсын түвшинд эмийн гаж нөлөөний мэдээллийг бүртгэж, зохицуулах төдийгүй фармаковижилансын сургалт, судалгааг тогтмол явуулж, эмийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор улс, орнуудын хамтын ажиллагааг дэмжих чиг үүрэгтэй байгууллага юм.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсанаас хойш ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр цуврал сургалтуудад хамрагдаж, хамтарсан уулзалтуудыг зохион байгуулж, олон улсын сүлжээтэй мэдээллээ солилцдог болсноор ийнхүү гишүүнчлэлээ баталгаажууллаа.Ингэснээр бусад улс, орнуудтай эм, вакцины гаж нөлөө, эрсдлийн мэдээллийг шуурхай харилцан солилцож, мэдээллийн нэгдсэн санг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглан, эмийн чанар, аюулгүй байдлын зохицуулалтыг олон улсын жишгээр хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.