Завхан аймгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт ажиллаа



ЭЭХХЗГ-аас томилогдсон ажлын хэсэг Завхан аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эм, оношлуурын нөөц, хангамжийн нөхцөл байдалтай танилцан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.

Энэ үеэр Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Дэмчигсүрэн болон Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа нар хүлээж авч уулзаж, цаг үеийн зарим асуудлаар санал солилцов. Удирдлагуудын зүгээс аймгийн хэмжээнд хэсэгчилсэн болон хатуу хөл хорио тогтоох, сумдын эрүүл мэндийн төвийг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон хүчилтөрөгчийн баллоноор хангах, нэгдсэн эмнэлгийн лабораторид биоаюулгүйн кабинет байгуулах, зөөврийн рентген аппаратын тоог нэмэгдүүлэх зэрэг саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ажлын хэсгийн зүгээс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчилтөрөгчийн үйлдвэрийг эрчим хүчний нөөц үүсгүүрт холбох, нөөц генераторыг бүрэн ажиллагаанд оруулах, улсын хэмжээнд хэрэглэхээр зөвшөөрсөн (КОВИД-19)-ын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх, ерөнхий гэрээгээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах зэрэг үйл ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.