ДЭМБ-ын зөвлөмжинд багтсан “Тоцилизумаб” эмийг КОВИД-19 халдварын эмчилгээнд хэрэглэх боломжтой боллоо

Коронавируст /КОВИД-19/ халдварын эсрэг эмчилгээний өндөр идэвх, үр нөлөө бүхий шинэ эмийн судалгааны ажил дэлхийн өнцөг булан бүрт хийгдсээр байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 7-р сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Тоцилизумаб эмийг КОВИД-19 халдварын эмчилгээнд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвлөмжийг гаргасан. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг болон эмийн хатуу зохицуулалт бүхий жишиг хэд хэдэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн уг шинэ эмийг албан ёсоор Монгол улсад оруулж ирэх бэлтгэл ажил бүрэн хангагдсаны үр дүнд эмчилгээнд хэрэглэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн хугацаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Тоцилизумаб эмийн эмчилгээний үр дүн, хэрэглэх заалт ба хадгалах горим, хэрэгцээний тооцооолол, үнийн хэлэлцээр зэрэг холбогдох судалгааг хийсэн.
Уг эмийг коронавируст халдварын нэн хүнд өвчтөнүүдэд кортикостеройд эмтэй хавсарч хэрэглэснээр хиймэл амьсгалын аппаратад орох хэрэгцээг 28%, нас барах эрсдлийг 13%-иар бууруулдаг байна. Цусан дахь Интерлейкин-6 рецепторын хориглогч, үрэвслийн хэт идэвхжилийн эсрэг, цитокины шуурга бууруулах үйлдэлтэй нэг төрлийн моноклон эсрэг бие болох энэ эмийг сүүлийн нэг жилийн хугацаанд 27 судалгааны баг 10,930 өвчтөнд эмнэлзүйн туршилт,судалгааг амжилттай хийжээ. Манай улс ийнхүү ДЭМБ-ын яаралтай нөхцөлд хэрэглэх зөвлөмжинд багтсан цөөн тооны эмийн бэлдмэлийн нэг болох Тоцилизумаб эмийг нэн хүнд өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэх боломжтой боллоо.
Эх сурвалж: ДЭМБ