ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн бүсийн орнуудын эмийн зохицуулалтын байгууллагуудын уулзалт боллоо



Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн  баруун эргийн бүсээс “Нийгмийн эрүүл мэндийн гамшгийн үеийн зохицуулалтын бэлэн байдал” сэдэвт 3 өдрийн цахим уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Олон улсын болон үндэсний хэмжээний эмийн зохицуулалтын байгууллагуудын төлөөлөл хамрагдсан энэхүү уулзалтаар цар тахлын үед тулгарсан сорилтууд, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны чиглэлүүд болон ирэх 4 жилийн стратеги, төлөвлөгөөг хэлэлцэв.

Нийгмийн эрүүл мэндийн гамшгийн нөхцөл байдалд ижил чиг үүрэг бүхий эмийн агентлагуудын үр дүнтэй үйл ажиллагааны оновчтой менежмент, цаашид хэрэгжүүлэх шинэ шийдлүүд болон зохицуулалтын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд улс орнууд өөрсдийн туршлагыг солилцсон юм. Түүнчлэн коронавируст цар тахлын эсрэг бүх нийтийн дархлаажуулалт, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жигд хүртээмжийн асуудалд үндэсний зохицуулалтын байгууллагын үүрэг, оролцоо, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийн талаар гишүүн орнууд санал, зөвлөмж солилцлоо.

Монгол Улсыг төлөөлөн уг уулзалтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б. Цэцэгсайхан, тус газрын ахлах мэргэжилтэн М.Халиунаа, Б.Уранбилэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зөвлөх Э.Эрдэнэчимэг, З.Зузаан болон ЭМЯ-ны мэргэжилтэн Ч.Амаржаргал нар оролцсон юм.