Эм зүйн салбарын түүхийг бүтээлцсэн ахмадуудаа хүлээн авч уулзлаа



Аливаа салбарын амжилт бүтээл, хөгжил дэвшил нь түүхэн залгамж халаатай салшгүй холбоотой. Тийм ч учраас өнөөдрийг бүтээсэн түүхийн эзэд ирээдүйн их үйл хэргийн хөтөч байдаг. Хүн амын эрүүл мэнд, эмчилгээ, оношилгоо, эмийн чанар, аюулгүй байдлын төлөө хөдөлмөр, зүтгэлээ зориулсан эм зүйн салбарын ахмадууд, эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлж, шинэ агентлагтаа хүлээн авч уулзлаа. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь байгуулагдсанаасаа хойш 6 сарын хугацаанд хийсэн онцлох ажлуудыг тайлагнаж, цаашид төлөвлөж буй зорилтуудынхаа хүрээнд санал, зөвлөмжөө хэлэлцсэн юм.

Хүндэтгэлийн уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Академич, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, Монгол улсын гавьяат багш, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич Д.Цэндээхүү, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Цэцэгмаа, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Р,Цэрэнлхагва, Эрүүл мэндийн сайд асан, Эм зүйн шинжлэх ухааны доктор Д.Туяа болон Ахмад эм зүйч Ш.Гарамжав нар оролцов.

Энэхүү уулзалтаар эм шинжлэх лабораторийн үйл ажиллагааг шинэ жишгээр сайжруулах, эмийн чанар, аюулгүй байдлын тандалт судалгааг эрчимжүүлэх, эмнэлзүйн болоод зохистой хэрэглээний чиглэлээр эрдэмтэн, судлаачдыг дэмжих, "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсронгуй болгох талаар мэдлэг, туршлагаа хуваалцан, гарц шийдлийг хэлэлцлээ. Эм зүйн салбараар овоглодог хүн бүрийн хүсэл, зүтгэл шингэсэн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдсанаар цаашдын хөгжил, шинэчлэлийг дагуулсан олон ажлын эхлэл болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ахмад үеийн төлөөллүүд онцолж байв.