ДЭМБ-тай хамтран “ФАРМАКОВИЖИЛАНСЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт зохион байгууллаа



Эмийн гаж нөлөө болон хэрэглээтэй холбоотой бүхий л асуудлыг илрүүлэх, үнэлэх, судлах болон урьдчилан сэргийлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа буюу шинжлэх ухааныг фармаковижиланс гэж ойлгож болно. Фармаковижилансын зорилгыг томьёолбол эмийн зохистой хэрэглээ, аюулгүй байдлыг сайжруулах замаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмийн гаж нөлөө, учрах эрсдлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авах юм.

Аливаа улс орны хэмжээнд бүртгэгдсэн гаж нөлөөний нэгдсэн мэдээлэл нь эмийн ноцтой гаж нөлөөг илрүүлэхээс гадна хуурамч эм, стандартын шаардлага хангаагүй эм, чанаргүй бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг илрүүлэх, эмийн талаар авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Иймд үндэсний хэмжээний эмийн зохицуулалтын байгууллага нь фармаковижилансын бүх үе шатанд идэвхтэй оролцох замаар иргэдийг ноцтой гаж нөлөөнөөс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ДЭМБ-тай хамтран байгууллагын боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор “Фармаковижилансыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар “Фармаковижилансын зохицуулалтын олон улсын жишиг тогтоох үнэлгээ”, “Фармаковижилансын үндсэн зарчим, Уппсала хяналтын төвийн тухай ойлголт”, “Эмийн гаж нөлөөний тандалтын зохицуулалтын олон улсын жишиг тогтоох үнэлгээ”, “Эмийн аюулгүй байдлыг сайжруулахад зохицуулалтын байгууллага ба эм бүртгүүлэгч байгууллагын үүрэг, хариуцлага”, “Эмийн зах зээлийн хяналт, чанарын доголдолтой эмийн бүтээгдэхүүний эргүүлэн татах үйл ажиллагаа” зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачид болон шинжээч, зөвлөхүүд илтгэл хэлэлцүүллээ.