“Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Төрийн албыг илүү хүртээмжтэй, нээлттэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэгш оролцоог дэмжих үүднээс Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь “Угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтан”-ы ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ил тод зарлан, сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалтын дүн гарч, шинэ ажилтнаа угтах хөтөлбөрийн хүрээнд “Түгээмэл Хөгжил” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Disability Equally Training буюу DET сургалт нь дэлхийн 39 оронд явагддаг, олон улсын жишиг хөтөлбөр юм. Уг сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх буруу ойлголт, хандлагыг өөрчилж, тэднийг бусдын адил нийгмийн амьдралд тэгш оролцох эрхтэй гэдгийг нийтэд ойлгуулдаг онцлогтой.
Мөн “Түгээмэл Хөгжил” ТББ-аас явуулдаг Үйлчилгээний сургалтыг дараагийн удаа зохион байгуулахаар товлолоо. Энэ нь тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй болон бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн өөрийнх нь онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн дэмжлэг үзүүлэх арга техникт сургах дадлагажуулах сургалт гэж болно. Манай байгууллагын оффисын байр нь тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө зэрэг ажиллах тусгай орчин, нөхцлийг бүрдүүлэхээс гадна хамтдаа хөгжих, бие биенээсээ суралцах нэгэн тэмүүлэлтэй боллоо.
