"Зах зээлд эм, вакцины чанар, аюулгүй байдлын тандалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо


Ард иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр жигд хангахад эмийн бүтээгдэхүүний зах зээлийн дараах тандалт, судалгаа  нэн чухал ач холбогдолтой. Энэ нь тухайн эмийг зах зээлд гарахын өмнө баталгаажуулсан чанар, аюулгүй байдал, эмчилгээний үр дүнгийн үзүүлэлтүүд нь зах зээлийн дараах тандалтаар хэвээр байгааг тогтоох үйл ажиллагаа гэж хэлж болно. Олон улсын жишгээс харахад уг тандалт, судалгааны хүрээнд импорт болон экспортын үйл ажиллагааг хянах, стандартын бус хуурамч эмийн бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх, эм түгээлтийн явцад эмийн чанарыг хангах, зах зээлд эмийг таниулах, сурталчилах үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг ажлууд багтдаг байна.

            Энэ хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ДЭМБ-тай хамтран байгууллагын боловсон хүчнийг чадавхижуулах, олон улсын зохицуулалтын байгууллагуудын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Зах зээлд эм, вакцины чанар, аюулгүй байдлын тандалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад ЭМЯ, АШУҮИС, ДХИС, МХЕГ, ЦЕГ болон ДЭМБ-ын эрдэмтэн, судлаач, зөвлөх, мэргэжилтнүүд өөр өөрсдийн илтгэлээ онол, практик хосолсон байдлаар нээлттэй хэлэлцүүлэв. Тухайлбал, “ДЭМБ-ын Хуурамч эмээс сэрэмжлүүлэх систем”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт-Эрх зүйн орчин”, “Хуурамч эмийн гадаад нөхцөл байдал”, “Стандартын бус болон хуурамч эмийн ялгаа, тэдгээрийн илрүүлэг”, “Эмийн хяналтын лабораторийн өнөөгийн байдал”, “Мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн шалтгаант гэмт хэрэг, тэдгээрийн илрүүлэг” зэрэг сэдвүүдээр нэгдсэн ойлголттой болсон юм.