Шадар сайд вирусийн эсрэг эмийн нөөц, татан авалт зэрэг ажлуудтай танилцав
Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж, коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эм, тариа, оношлуурын хангамж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал зэрэг цаг үеийн ажлуудтай танилцлаа. Энэ үеэр агентлагийн дарга Б.Цэцэгсайхан Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр вирусийн эсрэг эмийг импортоор оруулж ирэх зөвшөөрөл авсан 34 аж ахуйн нэгж, тэдгээрийн ойрын татан авалтын хуваарь, өнөөдрийн байдлаарх нөөцийн мэдээ зэргийг дурдав.
Түүнчлэн энэ сарын 6-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ковид-19 халдварын эмчилгээнд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвлөмжинд шинээр оруулсан АНУ-ын “Роше” үйлдвэрийн “Тоцилизумаб” /актемра/ эмийг эх орондоо оруулж ирэх бэлтгэл ажлын явцыг танилцуулсан юм. Уг эм нь олон улсын зах зээлд эрэлт ихтэй байгаа хэдий ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Роше” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч компанитай хамтын ажиллагааг эхлүүлж, талууд үнийн хэлэлцээрийг хийж байгааг онцоллоо. Шадар сайд С.Амарсайхан, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон цар тахлын үед ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тасалдуулахгүй байх, одоо ашиглаж буй тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах, шаардлагатай зарим шинэчлэлийг судлах, эмийн үнийн дээд хязгаарын хэрэгжилтийг хангах, ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх зэрэг ажлуудын хүрээнд тодорхой чиглэл өгөв.
.JPG)
.JPG)


