“Эмийн зохицуулалтын систем, хууль эрх зүйн орчин” сэдэвт сургалт эхэллээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ДЭМБ-тай хамтран байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах багц сургалтыг “Эмийн зохицуулалтын систем, хууль эрх зүйн орчин” сэдвээр 5-р сарын 27-ны өдөр эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг сургалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын тухай ерөнхий ойлголт, олон улсын чиг хандлага, эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд чанарын удирдлага болон эрсдлийн менежментийг нэвтрүүлэх сайн туршлага, ДЭМБ-ын холбогдох зөвлөмж зэрэг агуулгын хүрээнд нийт мэргэжилтнүүд нэгдсэн ойлголттой болов. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомжууд, тэдгээрийн уялдаа, холбоо болон төрийн албан хаагчийн үүрэг, хариуцлага, ёс зүй, хувь хүний хөгжлийн хичээлүүд хөтөлбөрт багтсан юм.
Цаашид агентлагийн үйл ажиллагааг оновчтой систем, сайн туршлагад үндэслэн бодит үр дүнтэйгээр явуулахын тулд боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх цуврал 9 модуль сургалтыг ДЭМБ-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.