"Монголын Эм Хангамжийн Байгууллагын Холбоо"-ны гишүүд, төлөөлөлтэй цахимаар уулзаж, санал солилцлоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эм зүйн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо, нэгдлүүдтэй цахим уулзалтуудаар дамжуулан цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, санал солилцож байна. Энэ удаа салбарын ууган холбоодын нэг, 60 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 300-аад гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн "Монголын эм ханган нийлүүлэх байгууллагын холбоо"-ны төлөөлөлтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажил санаачлага, цаашдын зорилт, чиглэлийг хэлэлцлээ.
Холбооны зүгээс эрх зүйн зарим зохицуулалтыг сайжруулах, эмийн сангийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, хувийн хэвшлийг бодлогоор дэмжих тал дээр анхаарч ажиллах саналыг илэрхийлсэн юм. Мөн бие даасан чиг үүрэгтэй агентлаг байгуулагдсанаар олон сарын турш хүлээгдсэн тусгай зөвшөөрөл, эмийн бүртгэл, зохистой дадлын гэрчилгээ олголт зэрэг асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, төрийн үйлчилгээг нэг сувгаар хүргэх болсонд баяртай байгаагаа онцолж байлаа.
Ард иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнээр жигд, хүртээмжтэй хангах нэгдмэл зорилгынхоо хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, бодит үр дүнгийн төлөө нэгдэн ажиллахыг ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан уулзалтын төгсгөлд тодотгов.