“Эм холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санал солилцов

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм Холбоо” ТББ-тай цахимаар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Холбооны зүгээс эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хамтран ажиллах саналуудыг танилцуулсан юм. "Эм холбоо" ТББ нь салбарын 300-аад аж ахуйн нэгж, 3000 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сард “Дэлхийн эм зүйн холбоо”-нд гишүүнээр элсчээ. Агентлагийн зүгээс салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилт, стандартыг хангах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, эмийн аюулгүй байдалд зах зээлийн тандалт судалгааг идэвхжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах болон боловсон хүчнийг чадавхжуулах тал дээр бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв.